Захирлын мэндчилгээ
НАСС-ийн захирал, АУ-ны доктор, дэд профессор, Зөвлөх зэргийн эмч Б. Батбаяр batbayar.b@mnums.edu.mn dentistry@mnums.edu.mn
Эрхэм Таныг 60 жилийн баялаг түүхтэй, АШУҮИС-ийн харьяа Нүүр Ам Судлалын Сургуулийн цахим хуудсанд тавтай зочлохыг хүсэхийн ялдамд Та өөрийн хүсэл мөрөөдлийн алтан түлхүүрээ итгэлтэйгээр атгаж, ирээдүйн амьдралынхаа алтан хаалгаа нээх сэтгэлийн галыг асаах болтугай хэмээн чин сэтгэлээсээ ерөөе! Та манай цахим хуудаснаас сонирхсон зүйлдээ бүрэн дүүрэн хариулт авахын сацуу бидний зорилго чиглэл, үйл ажиллагааны талаар хангалттай мэдээлэлтэй болох билээ. Манай Нүүр Ам Судлалын Сургуулийн суурь анх 1961онд тавигдснаас хойш өдгөө 60 жилийн турш дэлхийн чиг хандлага, хүний нийгмийн захиалга, шаардлагын дагуу тасралтгүй хөгжин дэвжсээр Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийг тодорхойлж, үндэсний боловсон хүчинг чанартай бэлтгэх чухал зорилтыг тавьж, амжилттай ажилласаар байна. 2001онд АШУҮИС-ийн захирал Лхагвасүрэнгийн тушаалаар бие даасан, их сургуулийн тогтолцоотой, төрөлжсөн нарийн мэргэжлийн НАССургуулийг байгуулснаар оюутан сурагчдын сургалт аргазүй, гардан хийх дадлагын чанарт өгсрөнгүй дэвшил гарч, тэдэнд дэлхийн түвшний мэдлэг, мэргэжлийг эзэмшүүлэх таатай орчин бүрдсэн билээ. Бие даасан, их сургуулийн тогтолцооны хамгийн чухал үзүүлэлт нь дэлхийн жишигт нийцсэн НАСС-ийн дэргэдэх төв эмнэлгийг байгуулсан явдал юм. Энэ нь суралцагч оюутнуудын сургалт-эрдэм шинжилгээ-эмнэлзүйн үйл ажиллагааны цогц нэгдлийг хангаад зогсохгүй хүн амын дунд зонхилон тохиолдох шүд эрүү нүүр орчмын өвчин эмгэг, согог гажгийн судалгааг хийж, үүнд суурилсан урьдчилан сэргийлэлт, оношилгоо эмчилгээний асуудлуудыг шийдэх өндөр хүчин чадал бүхий сургалтын бааз суурийг бүтээсэн нь бидний хамгийн давуу чанар билээ. Үүний дүнд эмчилгээний орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулсан орчинд зөвлөх зэрэгтэй, нарийн мэргэшсэн профессоруудын удирдлага дор оюутнуудыг дадлагажуулж, сургалтын чанарыг улам бүр дээшлүүлснээр ирээдүйн чадварлаг боловсон хүчинг бэлтгэх үйл явц амжилттай хэрэгжсээр байна. НАСС нь 7 тэнхим, сургалт-эрдэм шинжилгээний 1 институттэй, 30 гаруй эрдэмтэн, багш нарын бүрэлдхүүнтэй төдийгүй багш нарын 94% нь АУ-ны Доктор цолтой, анагаах ухаан өндөр хөгжсөн Япон, БНСУ, БНКУ болон Унгар, ХБНГУ, АНУ, Тайвань улсуудад суралцаж төгссөн Монгол Улсын НАССалбарын өнөөгийн төрхийг өнгөлсөн, бодлого шийдвэрийг тодорхойлсон нэр хүндтэй эрдэмтэн, судлаачид байдаг билээ. Манай сургууль нь нийт 7 чиглэлээр 1000 гаруй оюутанг суралцуулах хүчин чадалтай, дэлхийн жишигт нийцсэн сургалт аргазүйг эрхэм болгож, гадаад харилцаа холбоог бэхжүүлсэн хүчирхэг хамт олон юм.
Энгүй их тэмүүлэлээрээ манай сургуулийг зорин ирэх
Эрхэм залуучууд та бүхэнд бидний хаалга үргэлж нээлттэй байж
Амьдралын алтан шар замынхаа нэгэн хуудсаа эхлүүлэхэд нь
Хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь бид бүхэн чин сэтгэлээсээ дэмжиж, хэзээд бэлэн байх болно.