Төгсөлтийн өмнөх сургалт
Нүүр Ам Судлалын Сургууль нь төгсөлтийн өмнөх, төгсөлтийн болон төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаа явуулдаг ба Шүдний их эмч (2+4 жил, бакалавр), Нүүр амны техникч(3 жил, диплом), Нүүр амны эрүүл ахуйч (3 жил, диплом), Шүдний эмчийн туслах(мэргэжлийн сургалт) зэрэг мэргэжилээр суралцаж буй 1200 гаруй оюутантай 40 гаруй багштайгаар, АНУ, Япон, БНСУ, БНХАУ, ОХУ, Куба зэрэг дэлхийн шилдэг сургуулиудтай хамтын ажиллагаа бүхий (Япон-9, БНСУ-6, АНУ-1, Тайвань-1, БНХАУ-1,ОХУ-1, Куба-1 Нүүр ам судлалын сургууль) дэлхийн 20-иод орны нэр хүнд бүхий 30 гаруй байгууллагатай хамтран ажиллаж байна.
Шүдний их эмч бэлтгэх сургалтын хөтөлбөр
Шүдний их эмч бэлтгэх бакалаврын зэргээр 6 жил суралцах ба нүүр амны түгээмэл тохиолдох өвчин эмгэгүүд, согог, гажгуудын оношилгоо, эмчилгээ ба урьдчилан сэргийлэх төрөлжсөн нарийн мэргэжлийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх ур чадвар бүхий бэлтгэлтэй, эмнэлзүйн харилцааны болон гардан хийх ур чадвартай, эмчийн ёс суртахуунаар төлөвшсөн мэргэжилтэн болно.
Нүүр амны техникч мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөр
Нүүр амны техникч мэргэжилтэн нь хүн амын дунд тохиолдох эрүү нүүрний эмгэгийн улмаас үүсэх шүд, шүдний эгнээний гажиг, согогуудын үед авагддаг, авагддаггүй шүдэлбэр, гажиг заслын зэмсэг, хиймэл эрхтэн хийх арга барилыг зохих түвшинд эзэмшсэн, нүүр ам судлалын салбарын мэргэжилтнүүдтэй хамтран багаар ажиллах чадвартай, харилцааны соёл, эерэг хандлага төлөвшсөн мэргэжилтэн юм.Нүүр ам судлалын сургууль нь нүүр амны техникч мэргэжилтэнг бэлтгэдэг цор ганц сургууль бөгөөд анх албан ёсоор сургалтын үйл ажиллагаа 1961 онд эхэлсэн түүхтэй.Сургалтын үйл ажиллагаандаа нийт 95 багц цагтай, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр 2 удаа амжилттай магадлан итгэмжлэгдсэн, Дэд бакалавр сургалтын хөтөлбөрөөр Нүүр амны техникч мэргэжилтэнг бэлтгэж байна.
Нүүр амны эрүүл ахуйч мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөр
Нүүр амны эрүүл ахуйч мэргэжилтэн нь хүн амын дунд тохиолдох амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шүдний өнгөрийг хянах, шүдний мэргэжлийн цэвэрлэгээ хийх, амны хөндийн эрүүл ахуйг сахих аргыг зааж эзэмшүүлэх, шүдний цоорлоос сэргийлэх бүр төрлийн үйлчилгээ үзүүлэх чадвартай мэргэжилтэн бөгөөд анх 2009 онд байгуулагдсан түүхтэй. Сургалтын үйл ажиллагаандаа нийт 101 багц цагтай, Дэд бакалавр сургалтын хөтөлбөрөөр Нүүр амны эрүүл ахуйч мэргэжилтэнг бэлтгэж байна. Сургалтын үйл ажиллагааг эхлүүлснээс хойш одоогоор 70 гаруй мэргэшсэн нүүр амны эрүүл ахуйчдыг бэлтгэн гаргаад байна.