Товч Танилцуулга
АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургууль нь 1961 оны 8-р сарын 16-ны өдрийн СНЗ-ийн 461-р тогтоол, ЭХЯамны сайдын 253-р тушаалаар МУИС-ийн “Хүн эмнэлгийн факультет”-д Шүдний эмчийн гурван жилийн сургалттайгаар эрдмийн үүдээ нээснээс хойш 60 жилийг ардаа үдсэн баялаг түүхтэй төрийн өмчит тэргүүлэх их сургуулиудын нэг юм. ӨдгөөАнагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нүүр ам судлалын сургууль нь өргөжин тэлж 2011 онд өөрийн байртай, 2017 онд Нүүр Ам Судлалын эмнэлэгтэй болсноор сургалт эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг бакалавр, магистр, докторын түвшний суралцагч, эрдэмтэн багш, ажилчидтай Монгол улсын эрдэм оюуны томоохон төв болсон. Сүүлийн жилүүдэд манай хамт олон эдийн засаг, нийгмийн эрчимтэй хөгжлийн шинэ орчинд сургуулийнхаа алсын хараа эрхэм зорилгыг тодорхойлж, багш, сургалт эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагааны хүртээмж, чанарыг дээшлүүлэх талаар багагүй зүйлийг санаачлан хийж, тодорхой ахиц дэвшилд хүрээд байна. Үүнд сургалт, судалгааны материаллаг орчин, хүн хүчний нөөц, сургалтын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөр, аргазүй,хэрэглэгдэхүүн зэргийг шинэчлэн сайжруулж, чанартай мэргэжилтэн бэлтгэх үүрэг зорилтоо амжилттай хэрэгжүүлж байна.
Нүүр Ам Судлалын Сургууль нь төгсөлтийн өмнөх, төгсөлтийн болон төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаа явуулдаг ба Шүдний их эмч (2+4 жил, бакалавр), Нүүр амны техникч(3 жил, диплом), Нүүр амны эрүүл ахуйч (3 жил, диплом), Шүдний эмчийн туслах (мэргэжлийн сургалт) зэрэг мэргэжилээр суралцаж буй 1200 гаруй оюутантай, 60 гаруй багштайгаар, АНУ, Япон, БНСУ, БНХАУ, ОХУ, Куба зэрэг дэлхийн шилдэг сургуулиудтай хамтын ажиллагаа бүхий (Япон-9, БНСУ-6, АНУ-1, Тайвань-1, БНХАУ-1, ОХУ-1, Куба-1 Нүүр ам судлалын сургууль) дэлхийн 20-иод орны нэр хүнд бүхий 30 гаруй байгууллагатай хамтран ажиллаж байна. НАСС нь НАСЗ (Prosthodontics), НАГЗ (Orthodontics), шүдний ерөнхий эмчилгээ (General dentistry), Шүдний тулгуур эд судлал (Periodontics), Шүдний сувгийн эмчилгээ (Endodontics), НАМЗ-ын (Oral surgeon) эмчийн мэргэшүүлэх сургалтыг тогтмол явуулж; байна.
Эрхэм зорилго
Хүн амд нотолгоонд суурилсан нүүр амны нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай, түргэн шуурхай үзүүлж, сургалт-эрдэм шинжилгээ- эмнэл зүйн үйл ажиллагааны нэгдлийг ханган, суралцагсдын эмнэл зүйн сургалтын суралцах орчин болон эмчилгээ үйлчилгээ явуулах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.