Мэндчилгээ

АШУҮИС-ийн НАССургуулийн хамт олны өмнөөс та бүгдэд чин сэтгэлийн халуун мэнд дэвшүүлэхийн сацуу манай сургуулийн цахим хуудаст тавтай морилхын хүсч байна! 70 жилийн түүхтэй, 1400 гаруй төгсөгчидтэй, дотоод болон гадаадад өрсөлдөхүйц чадвартай, салбартаа тэргүүлэгч одоогийн Нүүр Ам Судлалын Сургуулийн хөгжлийн тухай өмнөх болон өнөө үеийн удирдлага, эрдэмтэн багш, профессорууд болон оюутнуудын уйггуй хичээл зүтгэл, хөдөлмөр, тэмүүлэл,  мэдлэг оюун, зүрх сэтгэлийн харамгүй зориулалтыг дурсахгүйгээр төсөөлөх боломжгүй юм.

     Энэхүү хурдацтай хөгжиж буй 21-р зуунд  эх орныхоо  хөгжилд хувь нэмэр оруулж чадах төлөвшсөн, хариуцлагатай, хүнлэг, эмчийн ёс зүйг ухамсарласан, харилцаа хандлагыг эзэмшсэн багаар ажиллах өндөр мэдлэгтэй, эмнэл зүйн ур чадвартай нүүр ам судлалын салбарын нарийн мэргэжилтэн бэлдэхэд бид чармайн ажиллаж байна.  Үүнд бакалаврын зэрэгтэй нүүр ам судлаач эмчийг 5 жилээр бэлтгэхийн зэрэгцээ шинээр нүүр амны эрүүл ахуйчийг 4 жилээр, нүүр амны эмчийн туслахыг 1 жилээр тус тус олон улсын жишгийн дагуу хөтөлбөрийг боловсруулан сургаж байна. Цаашид хүн амд амны хөндийн эрүүл ахуйн боловсрол олгох, шүдний цоорлоос урьдчилан сэргийлэхэд түлхүү анхаарах нь бидний нэг том зорилго юм. Үүнтэй холбогдуулан  анхны төгсөлтөө ирэх онд хийх гэж буй нүүр амны эрүүл ахуйчийн оролцоо маш чухал билээ.

     Нүүр ам судлаач эмчийг бэлтгэх сургалтын 5 жилийн хөтөлбөрийг олон улсын стандартад нийцүүлэн 2+4 буюу нийт  6 жилийн хөтөлбөрт шилжихэд бэлтгэл ажлыг амжилттай хийж байна. Нүүр Ам Судлалын Сургуулийн онцлог давуу тал болох өөрийн их сургуулийн эмнэлэг дээр эмнэл зүйн сургалтыг эмчилгээ хийх орчинд багаар ажиллах загвараар сурган дадлагжуулахаар төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах резидентурын хөтөлбөрийг жинхэн утгаар нь хэрэгжүүлж эхэлсэн.

     Манай сургуулийн багш нарын 94% нь Анагаах Ухааны Докторын зэрэгтэй бөгөөд  Япон, Солонгос, Куба, Унгар, Герман, Тайвань, АНУ зэрэг улсуудад судалгаа шинжилгээ, нарийн мэргэжлийн сургалтанд хамрагдсан, Монгол улсад салбарынхаа бодлогыг тодорхойлогчид,  мэргэжлийн нийгэмлэг холбоодын тэргүүлэгчид байгаагаар бахархаж байна. Эдгээр багш нар судалгаа шинжилгээндээ магистр докторуудыг удирдан оролцуулж, дотоодын болон олон улсын нэр хүнд бүхий мэргэжлийн судалгааны сэтгүүлүүдэд үр дүнгээ хэвлүүлэхийг зорьдог. Сүүлийн жишээ нь International Association for Dental Research-ийн  хамтарсан төслийн үр дүнг манай эмчилгээний тэнхмийн багш нар амжилттай хэвлэж гаргалаа.

     Сургалт, эмнэл зүй, эмчилгээ үйлчилгээгээрээ “Азидаа хүлээн зөвшөөрөгдсөн, Дэлхийд танигдахын” тулд манай сургуулийн  багш, эмч, судлаач, захиргаа, ажилчид, оюутнууд бид төгсөгчид, хамтран ажиллагсад болон дотоод гадаадын түншүүд та нартай хамтран зүтгэхэд таатай байх болно!

 Ж.Отгонболд. НАСС-ийн Захирал АУ-ны доктор