Нүүр Ам Судлалын Сургуулийн тухай

Өнөөгийн Нүүр Ам Судлалын сургуулийн хөгжиж ирсэн түүхээс иш татаж үзвэл анх 1961 онд шүдний эмч бэлтгэх гурван жилийн сургалттай анги байгуулан 18 аймгаас 30 бага эмч элсүүлж, Монгол Улсын Их Сургуулийн Анагаах ухааны факультетын дэд эрдэмтэн Цэнд эрхлэгчтэй чих хамар хоолойн тэнхимд харъяалуулан мэргэжлийн хичээл заах багшаар Ч.Цэрэндуламыг ажиллуулсан. 1962 оноос нүүр амны эмчилгээний хичээлийг цагийн багш Виолетта Тайковна, нүүр амны мэс заслын  хичээлийг  цагийн багш их эмч Ц.Цэрэн нар зааж байсан ба нүүр амны согог заслын хичээлийг багш Ч.Цэрэндулам, шүдний техникч И.Н. Яковлевна явуулж байжээ. 1964 оноос ЗХУ-аас дэд доктор Б.Л. Павлов уригдан ирж нүүр амны мэс заслын хичээлийг зааж зөвлөхөөр ажиллаж байсан байна.

Ч.Цэрэндулам, Д.Сэлээ нар 1967-1968 оны хичээлийн жилд 5 жилийн сургалттай стоматологийн ангийг нээж 1972 онд Ч.Цэрэндулам нэгдсэн 2-р эмнэлэгт шүд протезийн тасагт эмчээр томилогдон орондоо шавь, анхны төгсөгч Х.Цолмонг нүүр амны согог гажиг заслын багшаар, 1975 онд Ц.Норовпил, 1978 онд Т.Дорж, 1979 оноос Н.Пүрэвжав нүүр амны нүүр амны согог заслын багшаар, 1980 оноос Г.Нацагдорж нүүр амны мэс заслын багшаар, 1981 оноос Б.Оюунбат нүүр амны эмчилгээний багшаар тус тус ажиллажээ.

1978 оны 2-р сарын 1-нд АУДэС-ийн захирлын (проф.Д.Балдандорж) тушаалаар Нүүр ам судлалын тэнхимийг бие даан байгуулж эрхлэгчээр доkтор Д.Сэлээ (НАМЗ-ын багш), Х.Цолмон (НАСГЗ-ын багш), Ц.Норовпил (НАЭ-ний багш) нарыг томилж, 1979 оноос 1992 он хүртэл тэнхимийн эрхлэгчээр Ц.Норовпил ажиллаж байсан.

1995 оны 11 сарын 26-нд  Нүүр ам судлалын сургуулийн анхны суурь үндсийг АУИС-ийн Нүүр Ам Судлалын Төв нэртэйгээр УKТЭ-ийн тасгуудтай нэгтгэн байгуулж, нарийн мэргэжлийн гурван тэнхимтэйгээр захирал болон нүүр амны согог гажиг заслын эрхлэгчээр доkтор Н.Пүрэвжав, нүүр амны эмчилгээний тэнхмийн эрхлэгчээр доkтор  Б.Оюунбат, нүүр амны мэс заслын тэнхмийн эрхлэгчээр Н.Оюун нар ажиллаж эхэлсэн байна.

1999 онд Нүүр ам судлалын төвийг Нүүр Ам Судлалын Сургууль болгон өргөжүүлж захирлаар Б.Оюунбат томилогдон  нүүр амны эмчилгээний тэнхимийг хавсран гүйцэтгүүлэхээр, нүүр амны мэс заслын тэнхимийн эрхлэгчээр доkтор  Л.Давааням, нүүр амны согог гажиг заслын тэнхимийн эрхлэгчээр доkтор  Н.Пүрэвжав, хүүхдийн нүүр амны өвчин судлал, урьдчилан сэргийлэлтийн тэнхимийн эрхлэгчээр доkтор Л.Мөнгөнцэцэг нарыг томилон дөрвөн тэнхимтэйгээр тус тус зохион байгуулсан билээ.

2005 онд НАСС-ийн захирлаар доkтор Б.Амарсайхан, хүүхдийн нүүр амны өвчин судлал, урьдчилан сэргийлэлтийн тэнхимийн эрхлэгчээр Б.Оюунцэцэг нарыг томилон ажиллуулжээ. 2013 оноос доkтор Г.Ариунтуул Нүүр ам судлалын сургуулийн захирлаар ажиллаж байна.

ЭМШУИС-ийн захирал Ц. Лхагвасүрэн, НАСС-ийн захирал Б. Амарсайхан захирлын удирдлаган дор 2011 онд НАССургууль нь АШУҮИС (хуучнаар ЭМШУИС)- ийн хичээлийн 3-р байр буюу өөрийн байртай болсон. Улмаар Монгол улсад анхны бие даасан их сургуулийн эмнэлгийн (АШУҮИС-ийн НАСС-ийн Шүд Эрүү Нүүрний Эмнэлгийн дарга доктор М. Соёлмаа) загварыг хэрэгжүүлж эхэлснээр зөвлөх зэргийн нарийн мэргэшсэн профессорын багийн удирдлаган дор өндөр мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшсэн шүдний их эмч, нүүр амны эрүүл ахуйч, шүдний техникч, шүдний эмчийн туслах зэрэг мэргэжилтнүүдийг салбартаа бэлтгэн ирлээ. Эдгээр мэргэжилтнүүдээс 4 жилийн  сургалтын хөтөлбөрөөр бакалаврын зэрэгтэй Нүүр Амны Эрүүл Ахуйчийг  (НАЭА) Монгол улсад анх удаа 2010 оноос бэлтгэж эхэлсэн. Шүдний эмчийн туслах ажилтаныг 1 жилийн сургалтаар Солонгос Улсын Данкүүк Их Сургуулийн Шүдний Сургуультай хамтран КОЙКА-гийн төслөөр НАСС-ийн сургууль дээр бэлтгэж сургалтын суурийг амжилттай тавьсан. Иймээс  Нүүр ам судлалын салбарт шаардлагатай эмчийн багийн тогтолцоог хөгжүүлэхэд НАСС-ийн хамт олон өнгөрсөн хугацаанд чармайн ажилласан. Мөн судалгаанд суурилсан эмнэл зүйн сургалтын орчинг бүрдүүлж, НАСС-ийн Шүд Эрүү Нүүрний Эмнэлэг дээр төгсөлтийн дараах резиденсийн сургалтын эмнэлзүйн дадлагын загварыг боловсруулж багаар үр дүнтэй ажиллахыг туршин хэрэгжүүлж байна.