АШУҮИС-ийн НАСС-ийн “Нүүр ам судлал” D 091101 сургалтын хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайланд БМИҮЗ-ийн шинжээчдийн баг үнэлгээ өглөө. “Нүүр ам судлал” сургалтын хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайлангийн дагуу 2019 оны 3 сарын 20, 21-ны өдрүүдэд НАСС-ийн хичээлийн байранд БМИҮЗ-ийн шинжээчдийн баг ажиллаа. НАСС нь 6 тэнхим, үндсэн 28 багш, нийт 58 ажиллагсадтай сургалт, эмнэл зүй, эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Багш нарын 19% нь профессор, дэд профессор цолтой, 50 % АУ-ны докторын, 31% нь АУ-ын магистрын зэрэгтэй ба 47 % нь 15 дээш жил ажилласан багш нар байна. АШУҮИС-ийн НАСС нь 1961- 2018 онд нийт 56 удаагийн төгсөлтөөр 2400 орчим шүдний их эмчийг бэлдсэн байна. Өнөөгийн байдлаар төгсөлтийн өмнөх сургалтанд Шүдний их эмч мэргэжлийн 3, 4, 5 дамжаанд 359, Нүүр амны Эрүүл ахуйч мэргэжлийн ангид 12, Нүүр амны техникч мэргэжлийн ангид 76, Шүдний эмчийн туслах мэргэжлийн ангид 28, нийт 475 оюутан суралцаж байна. Төгсөлтийн дараах сургалтанд мэргэжигч эмч 233, магистрант 84, докторант 20 тус тус суралцаж байна. Энэ хугацаанд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр 2006 оны 2 сарын 28, 2012 оны 2 сарын 10-нд тус тус амжилттай магадлан итгэмжлүүлсэн. “Нүүр ам судлал” сургалтын хөтөлбөрийн 3 дах удаагийн магадлан итгэмжлэлийн шинжээчдийн багийн ахлагчаар Монгол улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн профессор Ж.Даваа, гишүүдээр Этүгэн их сургуулийн Нүүр ам судлалын сургуулийн захирал Б.Оюунбат , Апекс менежмент ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Баярцэцэг нар амжилттай ажиллаа. Түүнчлэн АШУҮИС-ийн НАСС нь Чанарын менежментийн тогтолцоог ISO 9001:2015 стандартын шаардлагын дагуу нэвтрүүлсэн тул Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газраас 125 тоот гэрчилгээг 2018 оны 7 сарын 6-нд олгосон байна. АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургууль 2019.03.23