Шинжлэх ухаан технологийн төсөл АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ АХУЙН БАЙНГЫН ХЯНАЛТЫН ЗАГВАР НЭВТРҮҮЛЭХ Гэрээний дугаар:​​IN_05/2015 ШУТСанд хүлээн авсан:​2015 он 07 сар 21 өдөр 1. Төслийн нэр: “Амны хөндийн эрүүл ахуйн байнгын хяналтын загвар нэвтрүүлэх “Delivering of Incremental Dental Care System in Mongolia” 2. Төслийн хугацаа: 2015 оны 7-р сараас 2017 оны 12-р сар /30 сар/(1 жилээр сунгасан) 3. Төслийн захиалагч: Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам 4. Төслийн гүйцэтгэгч: АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургууль Хүүхдийн Нүүр Ам Судлал, Урьдчилан Сэргийлэлтийн тэнхим 5. Төслийн санхүүжүүлэгч: Шинжлэх Ухаан Технологийн Сан Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам 6. Төслийн нийт зардал: 45.900.0000 төгрөг Зорилго: Монгол улсын хүн амын насны бүлэг тус бүрт тохирсон шүд, амны эрүүл мэн болон амны өвчлөл, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг эрт илрүүлэх, хянах, урьдчилан сэргийлэлтийн байнгын хяналтын загвар боловсруулахад оршино. Хэрэгцээ шаардлага: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу улс орнууд шүд, амны хөндийн зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, өвчлөлийг бууруулах талаар 2000-2020 онд хэрэгжүүлэх зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Монгол улсын засгийн газар, эрүүл мэндийн яамнаас үндэсний хэмжээнд хүн амын эрүүл мэнд, эмчилгээ үйлчилгээний тусламж, хүртээмжийг сайжруулах зорилгоор олон хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдийг тус тус батлан хэрэгжүүлсээр байгаа хэдий ч хүн амд амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа хангалтгүй, үндэсний хэмжээнд хүн амын дунд амны хөндийн өвчлөл буурахгүй байгаа, нийт ард иргэдийн дундах шүд цоорох өвчин болон шүдний тулгуур эдийн өвчлөл улам залуужиж байгаа зэрэг асуудлууд одоог хүртэл тулгамдсан хэвээр байна. Иймээс олон улсын сүүлийн үеийн чиг хандлага, урьдчилан сэргийлэлт эмнэлзүй сайн хөгжсөн улс орны хэрэглэдэг эрт илрүүлэлтийн аргыг эрж хайх, тэдгээр хүчин зүйл тус бүрийг компьютерийн тоо бүртгэлийн аргаар анализ хийх, хувь хүн бүрт тохирсон урьдчилан сэргийлэлт, эмчилгээний төлөвлөгөөг хэрхэн оновчтой зохион байгуулж байгааг судлах шаардлагатай байна. Хамрах хүрээ: 3-5, 6-13, 14-19, 20-34, 35-64, 65> дээш насны бүлэг тус бүрээр Монгол улсын хүн амыг төлөөлөх чадвар бүхий түүврийг хамруулна. Судалгааны үр дүнг насны бүлэг бүрээр, эрэгтэй, эмэгтэй хүйсээр харьцуулах боломжтой байлгахад оршино. Судалгааны агуулга: Төслийн хугацаанд энгийн санамсаргүй түүврийн аргаар нийт 240 хүнийг судалгаанд хамруулан насны бүлэг тус бүрээр амны хөндийн өвчлөлийн байдал, эрүүл ахуйн байдлыг DCS программын өгөгдөлийн дагуу асуумж, бодит үзлэг, лабораторийн шинжилгээгээр судлан тогтоох ба Монгол хүний насны бүлэг тус бүрээр амны хөндийн эрүүл ахуйн үнэлгээний үзүүлэлтийг шинээр судлан тогтооно. Нотолгоонд суурилсан судалгааны үр дүн дээр үндэслэн Монгол улсын хэмжээнд ашиглагдахуйц “Амны хөндийн эрүүл ахуйн байнгын хяналтын загвар”-ыг боловсруулан, өмнөх судалгаагаар цуглуулсан мэдээлэлээр туршин үзнэ. Судалгааны тайланг эрдэм шинжилгээний өгүүлэл, удирдамж боловсруулах байдлаар гаргана. Судалгааг АШУИС-ийн НАСС болон төслийн гүйцэтгэгч багш нар хариуцан гүйцэтгэнэ. Үр дүн Монгол улсын түвшинд нотолгоонд суурилсан амны өвчлөл, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, байнгын хяналт хийх загвар, удирдамж боловсруулагдана. Өмнөх үг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн (АШУҮИС) Нүүр Ам Судлалын Сургууль (НАСС) нь Боловсрол Соёл Шинжлэх Ухаан, Спортын Яамны захиалгаар Шинжлэх Ухаан Технологийн Сангийн санхүүжилтээр “Амны хөндийн эрүүл ахуйн байнгын хяналтын загвар нэвтрүүлэх” төслийн судалгааг хийж гүйцэтгэсэн. Уг судалгаанд АШУҮИС-ийн НАС-ын сургуулийн профессор, багш, судлаачид, магистрант, судлаач оюутнууд болон Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль (НЭМС)-ийн Эпидемиологи Биостатистикийн тэнхмийн багш, БНСУ-ын Данкүүк Их Сургуулийн профессор нарын хамтарсан 11 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдэж, ажилласан. Монгол улсын хэмжээнд хүн амын шүд цоорох өвчин, шүдний тулгуур эдийн өвчлөл, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, түүний үр дүнг хянах, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох үүднээс амны хөндийн эрүүл ахуйн байнгын хяналтын загварыг үндэсний хэмжээнд боловсруулах, эмнэлзүйд нэвтрүүлэх зорилгыг бидний төслийн баг дэвшүүлэн ажилласан. Энэхүү зорилгынхоо хүрээнд нотолгоонд суурилсан, шинжлэх ухааны үндэслэл бүхий амны эрүүл мэндийн үнэлгээний системийг Монгол улсад анх удаа нэвтрүүлж байгаад бидний судалгааны ач холбогдол оршино. Төслийн хүрээнд Монгол хүний шүд цоорох өвчин, шүдний тулгуур эдийн өвчний хөдлөл зүй, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийн хамаарлыг цогцоор нь судлах, амны өвчлөл, түүнд нөлөөлөгч эрсдэлт хүчин зүйлийн эзлэх хувь, шүд, амны эрүүл мэндийн байдлыг цогцоор нь тоо бүртгэлийн аргаар тооцоолох онооны системийг боловсруулах, амны хөндийн эрүүл ахуйн байнгын хяналтын загвар программ боловсруулах зэргээр төлөвлөсөн. Судалгааны зорилгын хүрээнд аналитик судалгааны агшингийн загвараар Монгол хүний амны эрүүл мэнд, өвчлөлийн байдлыг асуумж судалгаа, амны эмнэлзүйн үзлэг, лабораторийн шинжилгээгээр судлан, 2017 оны 6-р сараас 8 -р сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ. Судалгаанд 3-5, 6-13, 14-19, 20-34, 35-64, 65-аас дээш гэсэн насны бүлэг тус бүрээр нийт 240 хүнийг судалгаанд хамруулсан ба судалгаанд оролцогчдын 60.4 % нь хотын, 39.6 % нь орон нутгийн харьяалалтай байв. Насны бүх бүлэгт шүд цоорох өвчин, буйл, шүдний тулгуур эдийн өвчлөлийн тархалт өндөр хувьтай илэрч байгаа төдийгүй өвчлөлийн хүндрэлийн улмаас шүд болон шүдний эгнээний гажиг, шүдний эгнээний согог үүсэх улмаар шүдгүйдэлд өртөх байдал улам залуужиж байна. Мөн амны эрүүл мэнд, өвчлөлд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох лабораторийн шинжилгээнээс амны бичил биетний шинжилгээ нь шүд цоорох өвчний идэвх, амны үнэрийг тодорхойлох үзүүлэлттэй харьцуулахад илүү үр дүнтэй буюу шинжилгээний мэдрэг арга байв. Монгол хүний амны байдал болон шүд цоорох өвчин, шүдний тулгуур эдийн өвчнийг үүсгэх эрсдэлт хүчин зүйлийн нөлөөлөх магадлал, хамаарлыг судлан тогтоосноор цаашдын өвчлөлийн тавилан, даамжралыг тоо бүртгэлийн аргаар тооцоолох боломжтой болж байна. ​Орчин үеийн багаж, тоног төхөөрөмж, дэвшилтэт аргыг ашиглан, судалгааны олон аргыг хослуулан гүйцэтгэсэн энэхүү судалгааг амжилттай хэрэгжүүлэн, хамтран ажилласан судалгааны баг болох АШУҮИС-ийн НАСС, НЭМС-ийн багш, судлаач, БСШУСЯ, ШУТС-ийн хамт олонд талархлаа илэрхийлье. ​Та бүхний анхааралд толилуулж буй энэхүү судалгааны тайлан нь Монгол хүний амны өвчлөл, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийн эзлэх хувь, шүд, амны эрүүл мэндийн байдлыг цогцоор нь тоо бүртгэлийн аргаар тооцоолох, улмаар шүд, амны өвчнийг хянахад нас насны онцлогт тохируулсан бодлого, хөтөлбөрүүдийг нийгмийн зүгээс боловсруулан хэрэгжүүлэхэд хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.