Өнөөдөр буюу 2019 оны 01 сарын 7-ны өдөр Европын Холбооны Ерасмус+ Дээд боловсролыг чадавхжуулах төслийн санхүүжилтээр хэрэгжих Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн сувилахуйн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулах 3 жилийн төслийн нээлт болж өнгөрлөө. Төслийн нээлтийн арга хэмжээнд АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон болон удирдлагууд, Этүгэн, Энэрэл дээд сургуулийн төлөөллүүд,  ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Их Британийн Элчин Сайдын Яамны төлөөлөгчийн газрын орлогч дарга Ноён Ian Cox, MoMeNT”  төслийн  удирдагч Эссексийн их сургуулийн Проф. Фиона Нолан, Их Британийн Эссексийн их сургууль, Голландын Утрехтийн Хэрэглээний ШУИС, Финляндын Туркугийн Хэрэглээний ШУИС-ийн хүндэт төлөөлөгчид тус тус оролцлоо.

        Энэхүү төсөл нь Монгол улсын  дээд боловсролын байгууллагуудыг шинэчлэх, олон улсад гарахад дэмжлэг үзүүлэх, СЭМ-ийн сувилахуйн төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг боловсруулж, СЭМ-ийн тусламж үйлчилгээг сайжруулан, сувилагч нарын нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэн, олон нийтийн СЭМ-ийн тухай ойлголт, хандах хандлагыг өөрчлөхөөс гадна сургалтын шинэ технологи, заах аргуудыг нэвтрүүлэн багш нарыг чадавхжуулах зорилготой.

      Төслийг хэрэгжүүлснээр Монгол улсад олон нийтэд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх үндэсний стратегийг хэрэгжүүлэхэд дөхөм болж, СЭМ-ийн сувилахуйн мэргэжлийн нэр хүнд  өссөнөөр Монгол улсад сувилагчаар элсэх оюутны тоо нэмэгдэх, олон улсын болон орон нутгийн эмч сувилагч нарын хамтарсан судалгааны үр дүнг олон улсын сэтгүүлд хэвлүүлэх, олон улсын хуралд оролцох, илтгэл тавихад дэмжлэг үзүүлнэ. 

      Үүгээр зогсохгүй энэхүү төсөл нь дэлхийд СЭМ-ийн салбарт сургалтын хөтөлбөр боловсруулахаар олон улсын баг  хамтран ажиллаж байгаа анхны төсөл бөгөөд Монгол улсыг СЭМ-ийн тусламж, тэр дундаа сувилахуйн тусламжаар тэргүүлдэг орон болгох зэрэг олон талын үр өгөөжтэй төсөл юм.

Төслийн хүрээнд:

1. Англи, Финлянд, Голланд, Монгол улс болон бусад улс орнуудын тухайлбал Австрали, Канад, Шинэ Зеланд, Хятад, Японы эмнэл зүйн практик, сургалтын талаар мэдээллийг цуглуулан Сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуйн хөтөлбөрийн жишиг тогтоох,

2. Төгсөлтийн дараах сургалтын 4 модультай хөтөлбөрийг Монгол улсын зан заншил, эрх зүйн орчин болон эрүүл мэндийн салбарын ажиллах хүчин болон тусламж үйлчилгээний онцлогийг тусган боловсруулах

3. СЭМҮТ-ийн 10- 11, Медипас эмнэлгийн 1-2 сувилагчийг 18 сарын сургалтад хамруулах 

4. Сургалтын хугацаанд багш оюутнууд нь Англи хэлний эрчимжүүлсэн сургалтад хамрагдаж, Англи, Финляндын хамтран ажиллаж байгаа 3 улсын их сургууль болон сэтгэцийн эмнэлэгт айлчилж, ажиглагчаар дагалдана.  Нийт 15 багш 12 оюутнууд 3 удаагийн 2 долоо хоногийн хугацаатай сургалтад хамрагдана. 

5. Төслийн хугацаанд нийт 7 том хурал, уулзалт төлөвлөгдсөний 4 нь Улаанбаатар хотод, 3 нь Европт зохиогдоно. 

6.  Багш нарт багшлах ур чадварын сургалтыг явуулж Европын сургуулиудад айлчилж туршлага судалснаар сургалтын чанар сайжирна.

7.  Төслийн хүрээнд Монгол-Европын их сургуулиуд холбоо тогтоож хамтран ажилласнаар цаашид урт хугацааны хамтын ажиллагааны үндэс суурийг тавьж байна. 

8.   Жил бүр Монгол Европын судлаачдын хамтарсан ЭШ-ний өгүүллэг 3-ыг нийтлүүлэхээр зорьж байна.